Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын гэр, ажлын байрыг өчигдөр АТГ нэгжжээ. Түүнд АТГ Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) гэсэн зүйл ангиар шалгаж буй аж. Түүнийг цагдан хорихоор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд прокурор хандсан ч шүүх “Цагдан хорих үндэслэл тогтоогдохгүй байна” хэмээн татгалзжээ.
Тэр нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатарын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байв.
Нийслэлд Х.Нямбаатарын хэрэгжүүлэхээр зарласан 24 мега төслийн санхүүжилт, гүйцэтгэл зэргийг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан тусгай ажлын хэсэг шалгаж буй. Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан энэ ажлын хэсэг Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай, түүний дүү, эхнэрийг шалгаж байгаа. Одоо түүний өөр нэг орлогч асныг шалгаж эхэллээ.
