Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт ажиллаж байсан, 20 настай монгол залуу амиа алдлаа. Тэр туузан дамжуургын механизмд татагдан орсны улмаас амиа. алдсан тухай тус улсын цагдаагийн байгууллага 9 дүгээр сарын 11-нд мэдээлжээ.
Осол 9 дүгээр сарын 7-ны өдрийн 11:30 цагийн орчимд Күрэ хотын Хиромачи дүүрэгт байрлах “Kaisei Construction” компанийн Оохиро дайрганы үйлдвэрт гарсан байна. Тухайн үед залуу туузан дамжуургын ойролцоо хуримтлагдсан элс болон бусад материалыг хүрзээр цэвэрлэж байжээ. Гэтэл тэр туузан дамнуургад татагдан орж, газар дээрээ нас барсан байна. Ослын үед түүний ойролцоо өөр ажилтан байгаагүй аж.
Японы цагдаагийн байгууллагынхан талийгаачийг тус улсад дадлагажигчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн 20 настай Б байсныг тогтоожээ. Задлан шинжилгээний хариугаар үхлийн шалтгааныг тархины няцрал гэж үзсэн байна.
Одоогоор цагдаагийн байгууллага холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч, осол ямар шалтгаанаар гарсныг нарийвчлан шалгаж байна.
Эх сурвалж: 中国放送 (RCC)
