Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 9-р сарын 19-20-нд шилжих шөнө буун дуу гарчээ. Тус сумын цагдаа тухайн газарт очиж, шалгахад иргэд хоорондоо маргалдаж, 1 нь буу ашигласан байжээ.
Буутай, гал нээсэн хүн нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын ажилтан байсан аж. Тухайн цагдаа амралтын өдөр ажлын бус цагаар Сэлэнгэ аймагт явж байхдаа хүнтэй маргалдаж, ангийн буугаар хий буудсаныг тогтоожээ. Тэр нь хамт явсан хүнийх нь буу аж. Тэд Сэлэнгэ рүү ан хийхээр явж байсан бололтой.
ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар уг хэргийг шалгаж байна. Уг асуудалд цагдаа буруутай байвал Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4-т заасны дагуу хариуцлага тооцох юм байна.
