Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд 734 хүүхэд гамшиг, аюулт үзэгдэл, осолд өртжээ. Тэдний 516 нь амиа алдаж, 218 нь гэмтсэн тухай Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар мэдээллээ.
Балчир хүүхэд аюулыг урьдчилан таамаглах, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй. 10-12 настай хүүхэд тодорхой нөхцөл байдалд бичиг баримт хүлээж авах, ойрхон дэлгүүр орох гэх мэт богино хугацаагаар, дээд тал нь 30 минут ганцаараа үлдэж чадна. Гэхдээ ийм хүүхдийг ганцааранг нь үлдээхдээ цонх, тагтаа түгжих, галаа унтраах, цахилгаанаа салгах хэрэгтэй. Аюул гарвал залгах утасны дугаарыг цээжлүүлсэн, утсаар залгаж, ярьж чаддаг байх шаардлагатай.
12-оос дээш насны хүүхэд бие даан ганцаараа олон цагаар үлдэх боломжтой. Гэхдээ хүүхэд айдсаа удирдаж чаддаг, аюулгүй байдлын дүрмээ сайн мэддэг байх шаардлагатай.
