Тайланд улсад болж буй “Мисс гранд интернэшл” тэмцээнд Хятад улсаас оролцож буй эмэгтэй Монгол Улсын нэрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байна. Уг тэмцээний албан ёсны цахим хуудсанд Амбер Юухань нэртэй оролцогчийг Монгол Улсаас оролцогч хэмээн бүртгэж, Монгол Улсын төрийн далбаа, “Mongolia” гэсэн нэр бичсэн тууз зүүлгэн, оролцуулж байгаа юм. Энэ асуудлаар топ модель Х.Бадамгэрэл өчигдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлантай уулзсан.
Энэ талаар ССАЖЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Гадаад харилцааны яамны Консулын газар, Тайланд дахь ЭСЯ-тай ярьж, энэ асуудлыг тодруулахаар албан бичиг илгээсэн. Тайланд улсын Гадаад хэргийн сайдад бас албан бичиг хүргүүлсэн. Албан ёсны тайлбар, мэдээлэл авахаар бид ажиллаж байна.
Ер нь Монгол Улсын гадаад бодлого 1 цонхоор явах ёстой. Яамны түвшинд 2 хоногийн өмнө мэдээд арга хэмжээ авч байна.
Энэ тэмцээн одоо явагдаж байгаа. Тиймээс уг хүнийг тэмцээнээс нь хасуулах, зогсоох арга хэмжээ яаралтай авахаар ажиллаж байна.
-Дараа нь улсын нэр ашигласан асуудалд хариуцлага тооцуулах тухай асуудал тавих уу?
-Гадаад яамаар дамжуулан, дипломат аргаар энэ асуудлыг зохицуулна.
