Йемений мөргөлдөөний улмаас хүүхдүүд хамгийн ихээр хохирч байна


Йеменд сүүлийн үед мөргөлдөөн эрчимжсэнээр олон мянган гэр бүл орон гэрээ орхин дүрвэж, хүүхдүүдийн боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээнд хүрэх боломж хязгаарлагдаж байна гэж ЮНИСЕФ мэдээллээ.

Аден хотод шинээр байгуулсан Аль-Фирдаус түр орогнох лагерьт есдүгээр сарын 23-нд хүмүүнлэгийн байгууллагууд дүрвэгсдэд хүнс, ахуйн хэрэглэл зэрэг тусламж хүргэжээ. ЮНИСЕФ-ийн Йемен дэх төлөөлөгч Ахил Айерийн хэлснээр, мөргөлдөөний улмаас дүрвэсэн хүмүүсийн бараг тал нь хүүхдүүд байна.

Тус байгууллага хүүхдүүдийг хичээлээ үргэлжлүүлэх боломж бүрдүүлэхийн тулд лагерьт түр сургалтын байр байгуулсан байна. ЮНИСЕФ-ийн есдүгээр сарын 16-ны мэдээллээр сүүлийн хоёр долоо хоногт 57 мянга гаруй хүүхэд дүрвэж, 243 сургууль хичээлээ зогсоосон буюу түр хаагдсан нь 137 мянга гаруй сурагчид нөлөөлжээ.

НҮБ-ын мэдээллээр сүүлийн мөргөлдөөний үеэр 122 мянга гаруй хүн дотооддоо дүрвэж, 674 хүн амиа алдан, 2998 хүн шархадсан байна. Мөн 3000 гаруй йеменчүүд Улаан тэнгисийг гатлан Африк руу дүрвэжээ.

Ирантай холбоотой хуситууд Саудын Арабын дэмжлэгтэй засгийн газрын хүчний эсрэг давшилтаа эрчимжүүлж, Улаан тэнгисийн эрэг орчмын зарим бүсийг хяналтдаа авснаар 2022 онд байгуулсан гал зогсоох тохиролцооны дараа харьцангуй намжмал байсан Йемений иргэний дайн дахин хурцаджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *