Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатарт АТГ эрүүгийн үүсгэн, яллагдагчаар татжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” хэргээр хавтаст хэрэг нээсэн байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2026.05.20-нд нийслэлийн төсвийн зарцуулалтыг шалгаж өгөхийг шаардсан хүсэлт иржээ. “Нийслэл Улаанбаатар хотын төсвийн хаалттай, үр ашиггүй зарцуулалт, нийслэлийн төсвийн нийт зарлага 1,2 их наяд төгрөгөөс 5,8 их наяд төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтгүй байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгож байна. Иймд нийслэлээс хэрэгжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэх хүсэлт иржээ.
Уг хүсэлтийг АТГ хянаад, ЦЕГ, ТЕГ-тай хамтран, ажлын хэсэг байгуулж, нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль бус зохион байгуулагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан уу? зэрэг асуудлыг шалгаад байна. Түүнчлэн “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдийг мөрдөн шалгаж байна.
Х.Нямбаатарыг эдгээр төсөл, хөтөлбөртэй холбогдуулан, шалгаж байгаа аж.
