Т.Балжинням: Баавгай унтуулах буу 16 төрлийн хэрэгсэлтэйгээ 32 сая төгрөг болж байгаа


Хүний суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрч байгаатай холбогдуулан, 2026 оны 9 дүгээр сарын 23-ны Засгийн газар иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, мөн баавгайг аюулгүй барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох яамдад үүрэг болгосон.

БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням:

-Энэ буу тухайн амьтныг унтуулах зориулалттай. Зэрлэг амьтанд зориулсан буу 16 төрлийн тоноглол, хэрэгслээс бүрддэг. Үүнтэйгээ иж бүрэн буу болдог. Одоо манай улс 12 ширхэг бууг иж бүрэн тоноглолтой нь авахаар ажиллаж байна.

Үндсэн буу нь 1700 еврогийн үнэтэй байна. Дуран, мөрлөгч, зай хэмжигч, хоёр төрлийн гол төмөр, хийн насос, CO₂ баллон, тариур цэнэглэгч, зориулалтын хайрцаг, хоёр төрлийн 200 тариур, 200 зүү зэрэг 16 төрлийн тоноглол, хэрэглэгдэхүүн болон тээвэрлэлт, холбогдох зардлууд багтаж байна.

Зэрлэг амьтны биеийн хэмжээнээс хамаарч бууны гол төмрийн хэмжээ өөр болдог. Үүнийг дагаад бусад тоноглол, хэрэгслийн хэмжээ бас өөр болдог. Баавгайд зориулсан том бууны гол төмөр 120 евро. Тариур нь 1600 евро.

Амьтны арьсны хэмжээнээс хамаарч зүүний хэмжээ бас өөр байдаг. Зүү нь нэг удаа хэрэглэх зориулалттай. Бид баавгайд зориулсан 100 ширхэг зүү тариур захиалсан. Энэ бүхэн нийлээд иж бүрэн 1 буу 32 сая төгрөг болж байгаа.

Нээлттэй сонгон шалгаруулалтаар энэ бууг оруулж ирэх аж ахуйн нэгжийг шалгаруулна. Цагдаагийн байгууллагатай хамтарч, энэ бууг оруулж ирэх, ашиглах хүмүүсээ сургана.

Энэ бууг зөвхөн суурьшлын бүсэд орж ирсэн баавгайд ашиглахгүй. Мазаалай судлах, хүзүүвч зүүх, биологийн болон генетикийн сорьц авах, шилжүүлэн нутагшуулах, мөн бусад зэрлэг амьтныг судалах, хамгаалал, аюулгүй байдлыг хангах ажилд цаашид тогтмол ашиглана.

Өөрөөр хэлбэл: Энэ бол нэг удаа баавгай унтуулах зориулалттай худалдан авалт бус. Хүн болон зэрлэг амьтны аюулгүй байдлыг зэрэг хангах, судалгаа шинжилгээ хийхэд шаардлагатай мэргэжлийн иж бүрэн тоноглол юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *