Улсын онцгой комисс өнөөдөр сэтгүүлчдэд баавгайтай холбоотой мэдээлэл өглөө.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга:
-Бүс нутагт камерын хяналтын систем бий болгосноор амьтдаа хянах боломж бүрдэх юм.
БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням:
-Ичих үедээ нэмэлт хоол тэжээл их авдаг учраас тэр хавьдаа байгаа жижиг баавгайг хөөх асуудал гардаг тухай биологчид хэлж байна.
Унтуулдаг буу авах ажлыг 4 багцад хуваан, сонгон шалгаруулалт зарласан. Гүйцэтгэгчийг энэ 5 дахь өдөр сонгон шалгаруулж, гэрээ байгуулна. 4 багцын 3-ыг нь гадаадаас оруулж ирнэ. 1 багц буюу амьд баригчийг дотооддоо хийх боломжтой.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Баавгайд бариулсан, эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудал УОК-ын хурлын үеэр яригдсан. Хохирол нөхөн төлүүлэх, төлбөр барагдуулах тухай асуудал яригдсан. Гамшгаас хамгаалах тухай хуулиар зохицуулах боломжгүй учраас Засгийн газрын тусгай сангаас олгохоор судалж байна.
-Хуурамч мэдээлэл түгээсэн, худал дуудлага өгсөн иргэдэд ямар хариуцлага тооцож байна вэ?
-Өнгөрсөн амралтын өдөр баавгайтай холбоотой 3 дуудлага ирсэн. 1 нь хяналтын камерт бичигдсэн. 2 нь илт хуурамч мэдээлэл байсан. Хиймэл оюунаар зураг эвлүүлж, “Баавгай явж байна” гэж олон нийтийн сүлжээнд тавьсан байсан.
Тэдэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон. Мэргэжлийн байгууллагууд баавгайтай холбоотой дуудлага ирэх бүрт шуурхай ажллаж байгаа. Хажуугаар нь ингэж хуурамч мэдээлэл түгээхгүй байхыг иргэдэд анхааруулъя.
-Баавгай тоолоход зардал хэр гарах вэ?
-Мал, амьтан тоолоход технологийн дэвшлийг ашиглахаар УОК шийдвэрлэсэн. 11-р сард ийм тооллого хийхээр төлөвлөж байна.
