Улсын онцгой комисс өнөөдөр сэтгүүлчдэд баавгайтай холбоотой мэдээлэл өглөө.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:
-Баавгайтай холбоотой асуудлаар 2026.10.09-нд УОК хуралдсан. Он гарснаас хойш баавгайтай холбоотой 997 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Баавгай харагдсан тухай дуудлага, мэдээлэл
- Сэлэнгэ 109
- Архангай 8,
- Баян-Өлгий 2,
- Булган 43,
- Дархан-Уул 110,
- Завхан 47,
- Хөвсгөл 109,
- Увс 16,
- Дорнод 13,
- Хэнтий 254,
- Төв 21,
- Нийслэл 14
- Тусгай хамгаалалттай газрууд 257
40-өөд нь эд хөрөнгөнд халдсан, мал, нохой барьсан байна. Хамгийн харамсалтай нь Баянзүрх дүүрэгт 2 хүнд халдсан.
Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбаруушаа дагуулсан эм баавгай байна. Сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай орж ирэх нь нэмэгдэж байна.
БОУАӨ-ийн сайдын албан даалгавар гарч, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Хөвсгөл, Хэнтий, Увс, Багануур дүүрэг зэрэг аймагт нийт 20 баавгай устгасан. 1 тохиолдолд малчин айлд баавгай ойртож ирэхэд нь малчид өөрсдөө устгасан байгаа. Бамбарууш, жижиг баавгайг тусгай хамгаалалттай газар тэжээх, нутгийн гүнд оруулах, үргээх арга хэмжээ авч байсан. Харамсалтай нь хүний аминд хүрсэн тохиолдол гарлаа.
Цагдаа, онцгой байдлын байгууллага хамтарч эрсдэлтэй бүс нутгуудад эргүүл гаргаж байгаа. Тухайн эргүүл баавгайг буудан устгах зөвшөөрөлтэй.
Унтуулдаг буу авахаар ЗГ зардлыг нь шийдсэн. БОУАӨЯ худалдан авахаар зохион байгуулж байна. Ийм буу зайлшгүй авах шаардлагатай байна гэж үзэж ЗГ зардлыг нь шийдсэн.
-Баавгай буудах ажлыг хэн гүйцэтгэж байгаа юм бэ?
-Яг аюултай нөхцөл үүсвэл галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөлтэй цагдаа, цэргүүдийг дайчилж байгаа. Ийм байгууллага байхгүй газарт галт зэвсгийн зөвшөөрөлтэй анчдыг дайчилж байгаа.
Устгах, тоо толгойг зохицуулах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагын хяналттайгаар зохицуулах эрхийг нь орон нутгийн захиргаанд өгсөн. Түүнээс биш чи төдийг агнаад ир гэж замбараагүйгээр үүнийг явуулахгүй.
