БНАКУ-д мөргөлдөөн ширүүсэж, эболагийн эсрэг тэмцэлд саад учруулж байна


Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт аюулгүй байдал доройтож, дүрвэсэн иргэдийн амь насанд заналхийлэхийн зэрэгцээ эболагийн эсрэг тэмцэлд саад учруулж байгааг НҮБ-аас анхаарууллаа.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррикийн мэдээлснээр, Итури мужийн Рое дүрвэгсдийн хуарангийн орчимд аравдугаар сарын 12-нд болсон мөргөлдөөний улмаас энгийн дөрвөн иргэн амиа алдаж, олон хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрчээ. Мөн 5000 гаруй хүнд үйлчилдэг эрүүл мэндийн байгууллагын барилга шатсан байна.

Рое дахь дүрвэгсдийн төвүүдэд 50 мянга гаруй хүн амьдардаг бөгөөд аюулгүй байдлын нөхцөлөөс шалтгаалан өнгөрсөн есдүгээр сараас хойш хүмүүнлэгийн тусламжийн дор хаяж таван байгууллага ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж, үйл ажиллагаагаа түр зогсоожээ.

НҮБ-ын төлөөлөгчийн анхааруулснаар, нөхцөл байдал ийнхүү доройтох нь эболагийн халдварын тандалт, өвчтөнтэй хавьтал болсон хүмүүсийг илрүүлэх, сэжигтэй тохиолдлыг эмнэлэгт шилжүүлэх ажилд саад учруулж болзошгүй байна. Үндэсний эрх баригчдын мэдээлснээр, тус улсад эболагийн 9000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 4300 гаруй хүн нас баржээ.

НҮБ-ын энхийг сахиулагчид Итури мужид эргүүл хийж байгаа бөгөөд мөргөлдөөнд оролцогч талуудыг энгийн иргэдийг хамгаалах, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг хүндэтгэх, тусламжийн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг саадгүй хүргэх нөхцөл бүрдүүлэхийг уриалсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *