Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 4 хэрэгт прокурорын байгууллага өнгөрсөн 7 хоногт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байна. Үүний 3 нь бүлэглэж үйлдсэн хэрэг байв. Үүнд:
А.Г, Б.Г, П.Ц нар бүлэглэн 2026.06.22-нд мөс гэх хэрэглээний нэршилтэй, метамфитамины агууламжтай, 16.9 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарах зорилгоор БНТУ-аас олон улсын шуудан илгээмжээр дамжуулан авчирчээ. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Б.Г, Б.Б нар хамтран, 2026.08.20-нд Истанбулаас Улаанбаатарт онгоцоор ирэхдээ 509.2 грамм “мөс” ачаандаа нуун, оруулж иржээ. Түүнийг бусдад худалдах зорилготой байсан аж. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв.
М.Т, М.Т, О.А, Н.А нар нийлж, Монгол Улсад хориглосон, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2026 оны 5, 9 дүгээр сард хууль бусаар олж авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалж яваад баригджээ. Тэдний хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Л.Т 2026.07.01-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “speed” гэх хэрэглээний нэршилтэй, Монголд хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор хууль бусаар олж авч, хадгалжээ. Түүний хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
