Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 7 хоногт 1016 хэрэг мөрдөн байцааж, 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Харин 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоо 992 хэрэг шалгаж буй аж.
Мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн зарим хэргийг доор дурдъя. Үүнд:
“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Б.А бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллах хугацаандаа нэгэн аж ахуйн нэгжээс 46.8 сая төгрөг авч, уг компанийг тендерт шалгаруулжээ.
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.М, гаалийн улсын байцаагч Л.Э нар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын удирдах албан тушаалтан П.Ч бусадтай хамтран, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгожээ.
