Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжигчдийн хувь 49.1 болж буурсан нь өнгөрсөн оны аравдугаар сард албан тушаалдаа орсноос хойших хамгийн доод үзүүлэлт боллоо. Энэ тухай “Киодо” агентлагийн ням гарагт нийтэлсэн санал асуулгын дүн харуулжээ.
Бямба, ням гарагт улсын хэмжээнд утсаар явуулсан уг судалгаагаар Засгийн газрын дэмжлэг өмнөх сараас 4.3 нэгж хувиар буурсан бол үйл ажиллагааг нь эсэргүүцэгчдийн хувь 30.9-өөс 33 болж өссөн байна.
Дэмжлэг буурахад Засгийн газрын гишүүдтэй холбоотой дуулиан шуугиан нөлөөлжээ. Тухайлбал, Хөдөө аж ахуйн сайд асан Казүо Яна зохисгүй мэдэгдэл хийсэн, Улс төрийн албан тушаалтны сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй гэх шүүмжлэлийн дараа албан тушаалаасаа огцорсон юм. Судалгаанд оролцогчдын 57.7 хувь нь Ерөнхий сайдыг Янаг огцруулах шийдвэрээ хэтэрхий орой гаргасан гэж үзсэн бол 54.7 хувь нь түүний огцролт Засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж хариулжээ.
Мөн ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний татварыг хоёр жилийн хугацаанд найман хувиас нэг хувь болгон бууруулах санал нь улсын төсөв, санхүүд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж судалгаанд оролцогчдын 65.1 хувь нь болгоомжилсон байна.
Үүнээс гадна Японы Боловсролын сайд Ёшихиро Сэки улс төрийн хандив цуглуулах арга хэмжээг зохих журмын дагуу зохион байгуулаагүй асуудлаар саяхан уучлал хүссэн нь Засгийн газрын гишүүдтэй холбоотой маргааныг нэмэгдүүлжээ. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагын сүүлийн үеийн санал асуулгуудаар ч Такаичигийн Засгийн газрын дэмжлэг буурсан үзүүлэлт гарсан байна.
