Өмнөд Солонгосын Бусан хотын боомтын сувагт сар гаруй хугацаанд саатсан гурван метр орчим урт акулыг задгай тэнгист гаргах ажиллагааг аравдугаар сарын 21-нд гурав дахь удаагаа эхлүүлжээ. Акул хооллож байгаа нь ажиглагдаагүй бөгөөд агаарын температур буурах төлөвтэй байсан тул эрүүл мэндэд нь санаа зовж буйгаа хотын захиргаа мэдээлсэн байна.
“Бүканги” хочтой уг акулыг есдүгээр сарын 18-нд Бусан хотын Хойд боомтын нарийн сувагт анх олж харжээ. Өмнөд Солонгосын Загас агнуурын шинжлэх ухааны үндэсний хүрээлэн уг амьтныг гурван метр орчим урт эм бараан акул болохыг тогтоосон байна.
Бусаны дэд бүтцийн корпорацын мэдээлснээр аравдугаар сарын 20 хүртэл 1.6 сая гаруй хүн акулыг харахаар усан эргийн цэцэрлэгт хүрээлэнд очжээ. Ийнхүү далайн амьтан орон нутгийн иргэд, жуулчдын анхаарлыг ихээхэн татсан байна.
Албаныхны мэдээлснээр акул сувгийн ханыг шүргэж, түүнд наалдсан хясаа болон бусад далайн биеттэй хүрэлцсэний улмаас сэлүүр, хоншоор хэсэгтээ бага зэргийн гэмтэл авсан байж болзошгүй аж. Мөн пүрэв гарагаас буюу аравдугаар сарын 22-ноос температур огцом буурах төлөвтэй байсан тул ажиллагааг лхагва гарагт явуулахаар сонгожээ. Тухайн өдөр уг бүсэд аяллын хөлөг онгоц зорчих хуваарьгүй байсан нь ажиллагаа зохион байгуулахад давуу тал болсон байна.
Бараан акул нь халуун орны, субтропикийн болон сэрүүн бүсийн усанд амьдардаг бөгөөд Байгаль хамгаалах олон улсын холбооны (IUCN) ангиллаар устах аюулд өртөмтгий зүйлд багтдаг.
Эх сурвалж: Бусаны хотын захиргаа, Бусаны дэд бүтцийн корпорац, Өмнөд Солонгосын Загас агнуурын шинжлэх ухааны үндэсний хүрээлэн
