Японы санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч GMO компани валютын арилжааны үйлчилгээнд нь кибер халдлага гарч, хэрэглэгчдийн мэдээлэл интернэтэд нийтлэгдсэний дараа даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 2-нд уучлал хүсжээ.
GMO группын ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Масайоши Кумагаи хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалж чадаагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр даваа гарагт нийтэлсэн блогтоо халдлагын ард байж болзошгүй этгээд компани болон хэрэглэгчдийн мэдээллийг ил болгоно хэмээн өмнө нь сүрдүүлж, улмаар 50 сая ам.доллартой тэнцэх криптовалют нэхэмжилсэн тухай дурджээ.
Кумагаигийн үзэж буйгаар, хиймэл оюуны хэрэгслүүдийн хөгжил кибер халдлагын тоо нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж. Тэрбээр халдлагын дараа нийтэлсэн өмнөх блогтоо “Интернэт өөрөө задран унаж эхэлж байна” хэмээн анхааруулж байжээ.
