Францын үйлдвэрчний эвлэлүүд цалин хөлс нэмэгдүүлэх, амьжиргааны өртгийг бууруулах, ажлын байр болон нийтийн үйлчилгээний салбарыг хамгаалах шаардлага тавьж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд орон даяар ажил хаялт, жагсаал зохион байгуулж байна. Энэхүү хөдөлгөөнд төрийн болон хувийн хэвшлийн ажилчид, оюутан залуус, тэтгэвэр авагчид нэгдэхийг уриалжээ.
CFDT, CGT, FO, UNSA, FSU зэрэг Францын томоохон үйлдвэрчний эвлэлүүд хамтран зохион байгуулж буй энэ удаагийн эсэргүүцэл нь 2027 оны улсын төсвийн төсөл, цалин хөлсний бодлого болон амьжиргааны өртгийн өсөлттэй холбоотой юм. Үйлдвэрчний эвлэлүүд шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, түрээс, цахилгаан, хийн үнэ нэмэгдэж байгаа ч цалин, тэтгэвэр зохих хэмжээгээр өсөхгүй байгааг шүүмжилж байна.
Мөн аж үйлдвэрийн салбар дахь ажлын байрны цомхотгол, нийтийн үйлчилгээний санхүүжилт болон хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөнджээ. Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид Ерөнхий сайд Себастьян Лекорнютэй уулзсан боловч ажилчдын шаардлагад бодитой хариу өгөх арга хэмжээ танилцуулаагүй гэж үзсэн байна.
Парист томоохон жагсаал зохион байгуулж байна. Эхлээд Бастилийн талбайгаас Конкордын талбай хүртэл жагсахаар төлөвлөсөн боловч цагдаагийн байгууллага уг маршрутыг зөвшөөрөөгүй байна. Үүний оронд жагсагчид Бүгд Найрамдах Улсын талбайгаас Үндэстний талбай хүртэл Волтерын өргөн чөлөөгөөр жагсахаар болжээ. Жагсаал орон нутгийн цагаар 14:00 цагт эхлэхээр төлөвлөсөн байна.
Ажил хаялт нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргааны байгууллагууд болон төмөр замын үйл ажиллагаанд нөлөөлж байна. Францын үндэсний төмөр замын SNCF компанийн ажилчид арваннэгдүгээр сарын 4-ний оройноос 6-ны өглөө хүртэл ажил хаяхаар зарласан бөгөөд бүс нутгийн галт тэрэг, Парисын RER болон Transilien чиглэлүүдэд саатал үүсэх төлөвтэй байна. Харин өндөр хурдны TGV галт тэрэгний хөдөлгөөн харьцангуй хэвийн байх аж.
Өмнөх жагсаалын үеэр зарим хотод мөргөлдөөн, дэлгүүрийн дээрэм тонуул гарч байсан тул энэ удаа эрх баригчид нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгажээ. Үйлдвэрчний эвлэлүүд арваннэгдүгээр сарын 5-ны нэг өдрийн ажил хаялт шаардлагаа биелүүлэхэд хангалтгүй байж болзошгүйг мэдэгдэж, цаашдын эсэргүүцлийн ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг хэлэлцэж байна.
