Номхон далайн ёроолын 244 чулуунаас 4139 амьтан илрүүлжээ


Номхон далайн ёроолоос цуглуулсан металл ихтэй 244 ширхэг чулууг шинжлэхэд нийт 4139 жижиг амьтан илэрчээ. Эрдэмтэд эдгээр чулууг зүгээр нэг ашигт малтмалын бөөгнөрөл бус, далайн гүнд орших өвөрмөц амьдрах орчин болохыг тогтоосон байна.

Судалгааг Номхон далайн төв хэсэгт орших Кларион-Клиппертоны бүсээс цуглуулсан олон металлын зангилаа (polymetallic nodules) дээр хийжээ. Эдгээр нь ихэвчлэн манган, төмрийн ислээс бүрддэг бөгөөд никель, кобальт, зэс зэрэг эдийн засгийн өндөр ач холбогдолтой металл агуулдаг. Далайн 4000–6000 метрийн гүнд үүсдэг эдгээр чулуу хэдэн сая жилийн турш маш удаан ургадаг аж.

Судлаачид чулуу бүрийг лабораторид задлан, доторх ан цав, жижиг хөндийд нуугдсан амьтдыг гарган авваад, тоолжээ. 1 чулуунаас дунджаар 17 амьтан илэрсэн бол хамгийн олон амьтантай чулуунаас 245 ширхэг амьтан олдсон байна. Тэдгээрийн ихэнх нь 1 миллиметрээс жижиг хэмжээтэй дугуй хорхой, жижиг хавч хэлбэртэн байжээ.

Генетикийн шинжилгээгээр эдгээр чулуун дотор амьдардаг амьтдын бүлгэмдэл нь далайн ёроолын ойролцоох шаварлаг хурдаст амьдардаг амьтдаас эрс ялгаатай болохыг тогтоосон байна. Сонирхолтой нь, хоорондоо 1000 км зайтай газраас цуглуулсан чулуунуудад амьдардаг амьтдын бүлгэмдэл хоорондоо төстэй байжээ.

Мөн судалгааны баг эдгээр чулууг олборлох нь далайн гүний экосистемд ноцтой нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулсан байна. Учир нь ашигт металлаар баялаг эдгээр чулууг олборлох үед дотор нь амьдардаг амьтдын орчин хамт устах эрсдэлтэй. Хэдэн сая жилийн турш бүрэлдсэн амьдрах орчин богино хугацаанд нөхөн сэргэх боломжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *