Европчууд болзошгүй дайн, гамшигт бэлдэж, гэртээ 72 цагийн хүнс, ус нөөцөлж байна


Европын орнууд иргэдээ болзошгүй дайн мөргөлдөөн, кибер халдлага болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт бэлтгэх ажлыг эрчимжүүлж байна. Их Британиас Эстони хүртэлх улс орнууд өрх бүрийг цахилгаан, ус, холбоо зэрэг зайлшгүй үйлчилгээ тасалдсан тохиолдолд дор хаяж 72 цаг бие даан амьдрах боломжтой байхад уриалж, хүнс, ус, эм, нөөц хэрэгсэл бэлтгэхийг зөвлөжээ.

Их Британийн Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард “Be Ready” буюу “Бэлэн бай” аяныг эхлүүлсэн байна. Уг аянаар иргэдэд цахилгаан, усан хангамж болон бусад чухал үйлчилгээ доголдсон үед гурван хоногийн турш төрийн тусламжгүйгээр хэрхэн амьдрах талаар зөвлөмж өгч байгаа аж. Үүнд лаазалсан хүнс, ундны ус, гар чийдэн, зайгаар ажилладаг радио, анхны тусламжийн хэрэгсэл, тогтмол хэрэглэдэг эмээ нөөцлөх зэрэг багтжээ.

Их Британийн Ливерпүүл хотод амьдардаг, “Start Prepping UK” төслийг санаачлагч Дан Госс уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн ихээр санаа зовж буй асуудлаа хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр гамшиг тохиолдоход бүх зүйлээс хамгаалагдахыг бус, харин өдөр тутмын амьдралыг бүрэн доголдуулах хэмжээний эрсдэлийг даван туулах чадвартай болох нь чухал гэжээ.

Германы тусламжийн Malteser Hilfsdienst байгууллагын ерөнхийлөгч Мартин Шеллайс иргэд өөрсдийн аюулгүй байдлын төлөө тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх ёстойг онцолсон байна. Учир нь гал түймэр, байгалийн гамшиг болон бусад онцгой нөхцөлд аврах багийнхан тухайн газарт хүрэхэд хэдэн цаг, заримдаа хэдэн өдөр ч шаардагддаг аж.

Харин Украинтай хил залгаа орших болон ОХУ-тай ойр байрладаг Европын орнуудын иргэдийн хувьд гол болгоомжлол нь зэвсэгт мөргөлдөөн юм. Данийн Иргэний хамгаалалтын лигийн төлөөлөгч Аллан Леребек тус улс Украинд дэмжлэг үзүүлж байгаатай холбоотойгоор халаалтын системийн насос станц, цахилгаан эрчим хүчний сүлжээ кибер халдлага болон бусад хорлон сүйтгэх ажиллагааны бай болж болзошгүйг анхааруулжээ.

Эстонийн ОХУ-ын хилд ойр орших Тарту хотод барилгын цонхнуудад дэлбэрэлтийн долгионоос хамгаалах тусгай хальс нааж эхэлсэн байна. Уг арга хэмжээг Украины туршлагаас санаа авч хэрэгжүүлж байгаа бөгөөд 100 метрийн радиуст болсон дэлбэрэлтийн үед цонхны шил хагарч, хэлтэрхий нь хүмүүсийг гэмтээх эрсдэлийг бууруулах зорилготой аж.

Мөн Эстони улс ОХУ-тай хиллэдэг хэсэгтээ шуудуу, хоргодох байр, танк эсэргүүцэх бетонон саад зэрэг хамгаалалтын байгууламж байгуулж байна. Ийнхүү Европын улс орнууд иргэдийнхээ бэлэн байдлыг нэмэгдүүлэхийг зөвхөн төрийн байгууллагын ажил бус, өрх бүрийн оролцоо шаардсан үндэсний аюулгүй байдлын чухал асуудал болгон авч үзэх болжээ.

Эх сурвалж: Reuters.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *