“Шударга байдал хүүхдийн нүдээр” чанарын судалгаа хийлээ


Авлигатай тэмцэх газар 2010 оноос хойш жил бүр “Хүүхдийн шударга байдлын судалгаа” хийж байна. Энэ судалгааны үр дүнг хүүхдийн өөрийнх нь дуу хоолой, өдөр тутмын туршлагаар баяжуулах зорилгоор өнөө жил Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төвтэй хамтран “Шударга байдал хүүхдийн нүдээр” чанарын судалгаа хийлээ.

Уг судалгаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 10-18 насны 274 хүүхэд оролцож, бичвэр, ярилцлага, гар зураг, гэрэл зургаар бодол, туршлагаа хуваалцав. Судалгаанд хамрагдсан 260 хүүхдийн бичвэрийг шинжлэхэд дараах зйүл ажиглагджээ.

  • 45.0% нь шударга байдлыг хүн бүрд адил тэгш хандахтай холбон тайлбарласан.
  • 26.2% нь шударга бус байдал өрнөсөн орчноор сургуулийг дурдсан.
  • 71.2% нь шударга бус байдлын жишээ, хэлбэрийг нэрлэсэн ч 10.8% нь тухайн үед хэрхэн хариу үйлдэл үзүүлснээ өгүүлсэн.
  • 2.7% нь том хүн, эрх бүхий этгээдэд хандсанаа дурдсан.

Хүүхдүүд ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт, үнэлгээ болон шалгаруулалтад танил тал нөлөөлөх, томчуудын хэлдэг үг болон хийдэг зүйл нь зөрөх, хүүхдийн саналыг үл тоохыг шударга бус байдлын жишээ болгон нэрлэжээ.

Энэ судалгаанд оролцсон 14 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин нөхцөлийн хүртээмжгүй байдал болон дэд бүтцийн асуудлыг хөндсөн байна. Тэд налуу замгүй шат, хараагүй хүнд зориулсан тэмдэглэгээгүй явган зам, тэргэнцэртэй хүнийг оруулдаггүй нийтийн тээврийг жишээ болгожээ. Сургуулийн дулаан, ус, гэрэлтүүлэг, анги танхимын хүртээмжийн ялгааг ч дурдсан нь хүүхдүүд шударга байдлыг аюулгүй, хүртээмжтэй орчинд сурч, амьдрах тэгш боломжтой холбон ойлгож байгааг харуулж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *