ОХУ орон нутгийн цагаар пүрэв гаргийн шөнө Укрианд сүүлийн сар гаруй хугацаанд хийгээгүй томоохон агаарын цохилт үзүүллээ. Оросын талаас 574 дрон болон 40 пуужин харвасны улмаас Украины баруун хэсгийн Львов хотод нэг хүн амь үрэгдэж, баруун өмнөд хэсгийн Транскарпатын бүсэд 15 хүн шархадсан байна. Украины агаарын зэвсэгт хүчний мэдээлснээр 577 дрон болон пуужингийн довтолгоог агаарт амдан устгажээ. Оросын баруун бүс, Хар тэнгис болон Крымын бүс нутгуудаас дуунаас хурдан, баллистик, далавчит гээд төрөл бүрийн пуужингаар харвасан болохыг мэдээлжээ.
Ийнхүү АНУ-ын зуучилж буй Путин, Зеленский нарын уулзалтын бэлтгэл ажлын үеэр Украинд Оросын тал агаарын томоохон цохилт өглөө. Украины зүүн хэсэгт төвлөрөн байлдааны ажиллагаа явуулж буй Оросын тал сүүлийн үед Украины баруун хэсэгт агаарын цохилт үзүүлсээр байна.

Харин энэ үеэр Украины зэвсэгт хүчин ОХУ-ын Ростов муж дахь газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгснөөс гадна Орост эзлэгдсэн Украины Донецк хот дахь Оросын дроны депо болон цэргийн бааз, дэд бүтцүүдэд цохилт үзүүлснээ мэдээллээ.
Зеленский пүрэв гарагт сэтгүүлчдэд хандан хийсэн мэдэгдэлдээ “Дайныг зогсоохын тулд үнэхээр бодитой хэлэлцээ хийх бодолтой байгаа гэсэн дохио Москвагаас хараахан алга байна” гээд, уулзалтын боломжит байршлаас сүүлийн өдрүүдэд яригдаж байгаа Унгарын нийслэл Будапешт хотыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзалтын ямар ч хэлбэр, форматаар Швейцар, Австри гэх зэрэг Европын төвийг сахисан орнуудад болон Туркийн Истанбул хотод уулзахад бэлэн гэдгээ хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп анхандаа гурван талт хэлэлцээг санал болгож байсан ч дараа нь Путин, Зеленский нарыг түүнгүйгээр уулзсан нь илүү дээр ба шаардлагатай гэвэл тэрээр очиж оролцож болно гэсэн санал дэвшүүлээд байгаа билээ.