Пүрэв гарагт Хамас бүлэглэлийн зүгээс Израилын талд хүлээлгэн өгсөн 4 барьцааны хүний шарилын нэг нь тухайн хүний шарил биш байсан талаар Израилын зэвсэгт хүчний зүгээс мэдэгджээ.Тохиролцооны дагуу Хамас бүлэглэл 33 настай Шири Бибас хэмээх эмэгтэй болон түүний хоёр бяцхан хүүгийн шарилыг 84 настай Одед Лифшитцийн шарилын хамтаар хүлээлгэн өгсөн бол Израилын зэвсэгт хүчний зүгээс Бибасын гэр бүлд хоёр хүүгийнх нь шарилыг мөн болохыг тогтоосон бол эхийнх нь биш байсан хэмээн мэдэгджээ. “Цогцсыг баталгаажуулах шалгалтын үйл явцад Шири Бибасын цогцос биш болох нь тогтоогдсон, уг цогцос бусад барьцааны хүмүүсийн ч цогцос биш байсан, үл мэдэгдэх хүний цогцос хүлээлгэж өгсөн байсан” хэмээн Израилын зэвсэгт хүчний зүгээс Х хуудсандаа нийтэлсэн байна. Түүнчлэн хоёр бяцхан хүүг нь хэрцгийгээр хороосон болохыг шинжилгээний явцад тогтоосон гэж мэдээлсэн бол шарилуудыг хүлээлгэн өгөхийн өмнө Хамас бүлэглэлийн зүгээс тэднийг 2023 оны 11 сард Израилын бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан хэмээн мэдэгдсэн билээ.2023 оны 10-р сарын 7-ны өдөр Хамас бүлэглэлийн дайчдад баригдаж, барьцаанд орох үедээ Шири Бибас 33 настай, том хүү нь 4 настай, бага хүү нь 9 сартай байжээ. Хүүхдүүдийн эцэг болох Ярдэн Бибасыг Хамас бүлэглэл энэ сарын 1-ний өдөр сулласан билээ.Улмаар Израилын талаас Хамас бүлэглэлийг гал зогсоох тохиролцооны дагуу хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж байгааг мэдэгдээд, бусад барьцааны хүмүүсийг суллахдаа жинхэнэ Шири Бибасын шарилыг хүлээлгэж өгөхийг шаарджээ. Хамас бүлэглэлийн зүгээс энэ тал дээр одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Харин Израил тал 4 дэх цогцсыг 84 настай Одед Лифшитцийн цогцос мөн болохыг тогтоосноо мэдэгдсэн байна. 1-р сарын 19-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн гал зогсоох тохиролцооны эхний үе шатанд 33 барьцааны хүмүүсийн шарилыг мөн хүлээлгэн өгөхөөр тохирсон бөгөөд хоёр талаас нийт 8 шарил байгааг баталгаажуулсан юм. Эхний үе шатанд нийт 33 барьцааны хүнийг 1900 гаруй палестины хоригдлуудаар солилцохоор тохирсноос одоогоор 28 барьцааны хүнийг 1000 гаруй хоригдлоор солилцоод байна.
Израилын зэвсэгт хүчин Хамасын хүлээлгэн өгсөн шарил Шири Бибасынх биш байсан гэж мэдэгдэв
