97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдлаа


Анора” кино 5 шагнал хүртсэний дотор “Шилдэг кино”-гоор тодров

Америкийн кино академийн зүгээс олгодог Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж өндөрлөлөө. 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Лос Анжелес хотын Долби театрт зохион байгуулагдаж, арга хэмжээг телевизийн хөтлөгч, комедиан Конан О’Брайн хөтлөн явуулсан байна. Түүний хувьд анх удаагаа хөтлөн хүргээд байгаа нь энэ юм. Харин өнгөрсөн жилийн наадмын продюсерын ажлыг гүйцэтгэсэн Раж Капур, Кэйти Мюллан нар энэ жил ахин наадмын ерөнхий продюсерээр ажиллажээ.

Комедиан Конан О’Брайн анх удаагаа Оскар хөтлөв

АНУ-д ABC телевизээр, харин олон улсад стрийминг үйлчилгээний Hulu платформоор шууд дамжуулсан энэ удаагийн наадмаар өнгөрөгч 2024 онд дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болсон кино болон уран бүтээлчдээс нийт 23 төрөлд шилдгүүдийг тодруулан, Оскарын шагналыг гардуулаад байна.

Гол болон туслах дүрийн шагнал хүртсэн жүжигчид

97 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг өнгөрсөн 1-р сарын 23-ны өдөр Беверли Хиллс хотын Самюэль Голдвин Театрт жүжигчин Рэйчел Сеннотт, Боуэн Янг нар танилцуулж байсан. Энэ жилийн Оскарын шагналд хамгийн олон буюу 13 төрөлд “Emilia Pérez” кино нэр дэвшсэн бол араас нь тус бүр 10 төрөлд нэр дэвшсэн “The Brutalist” болон “Wicked” кинонууд жагссан юм.

2025 оны 1-р сарын 23-нд Оскарт нэр дэвшигчдийг танилцуулж буй мөч

2025 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр мөн жүжигчин, реппер Queen Latifah, реппер Doja Cat, дуучин Lisa, Raye, хөтлөгч Конан О’Брайн, жүжигчин Синтиа Эриво, Маргарет Куалли, дуучин Ариана Гранде, Los Angeles Master Corale найрал хөгжмийн хамтлаг, удирдаач Майкл Бэрден нар энэ жилийн тайзан дээрх дуу хөгжмийн тоглолт, үзүүлбэрүүдийг хүргээд байна.

Doja Cat, Raye, Lisa нар тагнуулч 007-Жеймс Бонд цуврал, цувралын продюсеруудад хүндэтгэл үзүүлж, киноны дуунуудаас дуулав

97 дахь Оскарын шагнал гардуулах ёслолын сонин хачин:

Энэ жилийн наадмын хамгийн гэнэтийн гэмээр үйл явдал 25 настай жүжигчин Майки Мэдисон шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн явдал байлаа. Тэрээр “Анора” кинонд бүтээсэн, Оросын олигархын хүүд дурлаж, богино хугацаанд гэрлэдэг тайчигч бүсгүйн дүрээрээ уг шагналыг хүртсэн юм. Ихэнх нь ажиглагчид уг шагналыг жүжигчин Дэми Мур хүртэх магадлалтай гэж үзэж, хүлээлт өндөр байсан ч ийнхүү Оскарын үдэш “Анора” киноны уран бүтээлчдийн хувьд амжилт, ялалтын үдэш байлаа.

Оскарын улаан хивсний арга хэмжээний үеэр жүжигчин Халле Берри энэ жилийн наадамд “The Brutalist” киногоороо өрсөлдсөн жүжигчин Эдриэн Броди дээр гүйж очин, түүний уруул дээр нь үнссэн бөгөөд үүнийгээ олон жилийн өмнөх хариуг нь барьж байна хэмээн хэлсэн байна. Үнэхээр ч одоогоос 22 жилийн өмнө 2003 оны Оскарын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг “Төгөлдөр хуурч” киногоороо хүртэх үеэрээ жүжигчин Эдриэн Броди дугтуйг задалж, түүний нэрийг дуудаж, шагнал гардуулсан жүжигчин Халле Берриг тэврэн авч, үнсэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Оскарын зүгээс өөрсдийн X хуудсандаа энэ жилийн хариу үнсэлтийг “22 жил хүлээсэн уулзалт” хэмээн нэрлэж, дүрс бичлэгийн хамт нийтэлсэн байна.

Энэ оны эхээр Лос Анжелес хотод дэгдэж, үлэмж их хэмжээний хохирол учруулсан ой хээрийн түймрийн үйл явдал, сэдвийг Грэмми, Алтан бөмбөрцөг гэх зэрэг өмнө зохиогдсон шагнал гардуулах ёслолууд онцолж, гал сөнөөгчдөд хүндэтгэл үзүүлж байсан бол Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Лос Анжелесийн ой хээрийн түймрийн сэдвийг цөөхөн хөндөж, ач холбогдол өгөхгүй байсан нь Холливуд түймрийг ардаа орхиж эхэлж байгаа дохиог өглөө. Хөтлөгч Конан О’Брайен л арга хэмжээний дундуур гал сөнөөгчдөд хүндэтгэл үзүүлж, тэднийг “баатрууд” хэмээн нэрлэж, талархал дэвшүүлж, үзэгч олон ч суудлаасаа босож хүндэтгэл үзүүлсэн нь хамгийн томоохон үйл явдал болсон юм.

Урлаг, улс төр хол байдаг ч энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр нэлээд ойртсон хэд хэдэн тохиолдлууд гарсан юм. Ёслолын хөтлөгч Конан О’Брайн “Анора” киног олон шагнал хүртсэн явдлыг ёжлож, “хүчирхэг Оросын талд эцэст нь хэн нэг нь зогсч байгааг харах Америкчуудад таалагдаж байгаа бололтой” хэмээн хэлсэн байна. Түүнчлэн шилдэг баримтат киногоор шалгарсан “No Other Land” кино багийнхан улаан хивсний ёслолын үеэр палестин ороолт зүүж оролцсон, жүжигчин Дэрил Ханна шагнал гардуулах үеэрээ тайзан дээр Украины дайны талаар ярьж, “Украин мандтугай” хэмээн хэлсэн гэх зэрэг улс төрийн шинж чанартай олон үйл явдал болсон бол АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн нэр нэг ч удаа дурсагдаагүй байна.

Харин энэ жилийн наадмаас хамгийн олон буюу нийт 5 төрөлд шагнал хүртсэн киногоор найруулагч Шон Бэйкерийн “Anora” кино тодорлоо. Тус кино шилдэг найруулагч, шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин болон наадмын дээд шагнал болох “Шилдэг кино” төрөлд Оскарын шагнал хүртлээ. Бусад уран бүтээлүүдийн тухайд “The Brutalist” 3 төрөлд, “Dune: Part Two”, “Emilia Pérez”, “Wicked” кинонууд тус бүр 2 төрөлд шагнал хүртжээ.

Ингээд уншигч та бүхэндээ 2025 оны Оскарын шагналтнуудын жагсаалтыг доор хүргэж байна:

Шилдэг кино – Anora

Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин – Майки Мэдисон (Anora)

Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин – Эдриен Броди (The Brutalist)

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин – Зои Салдана (Emilia Pérez)

Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин – Кийран Калкин (A Real Pain)

Шилдэг найруулагч – Шон Бэйкер (Anora)

Шилдэг гадаад кино – I’m Still Here (Бразил)

Шилдэг анимэйшн кино – Flow

Шилдэг эх кино зохиол – кино зохиолч Шон Бэйкер (Anora)

Шилдэг сэдэвчилсэн кино зохиол – кино зохиолч Питер Страхан (Conclave)

Шилдэг киноны дуу – El Mal (Emilia Pérez)

Шилдэг киноны хөгжим – El Mal (The Brutalist)

Шилдэг баримтат кино – No Other Land

Шилдэг хувцас загвар – Wicked

Шилдэг нүүр будалт, үс засалт – The Substance

Шилдэг тайзны загвар – Wicked

Шилдэг дууны эффект – Dune: Part Two

Шилдэг эвлүүлэг – Anora

Шилдэг зураг авалт – The Brutalist

Шилдэг дүрсний эффект – Dune: Part Two

Шилдэг богино хэмжээний экшн кино – I’m Not a Robot

Шилдэг богино хэмжээний энимэйшн кино – In the Shadow of the Cypress

Шилдэг богино хэмжээний баримтат кино – The Only Girl in the Orchestra

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр “In Memoriam”, өөрөөр хэлбэл “Эргэн дурсахуй” буюу өнгөрөгч онд таалал төгссөн кино урлагийн салбарынханд хүндэтгэл үзүүлдэг арга хэмжээний үеэр нийт 59 уран бүтээлчийг онцолсон ч тэдний дунд алдарт жүжигчин Ален Делон, Тони Тодд, Оливиа Хассей, Линда Лавин, Мартин Мюль, Шэннэн Доэрти, Мишель Трахтенберг, найруулагч Жим Абрахамс нарыг багтаан оруулаагүй гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр интернетийн буюу стриймингийн шууд дамжуулалтыг хариуцан ажилласан Hulu платформ хэд хэдэн удаа гацаж, тасалдсанаас гадна наадам дуусахаас өмнө буюу шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшигчдийг зарлахаас өмнө шууд дамжуулалтыг бүрмөсөн дуусгасан нь мөн л шүүмжлэл дагуулсан үйл явдал болжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *